Хорт хавдар таны гэр бүлд үзүүлэх сэтгэл санааны нөлөө


1 сард ид өвлийн хүйтэн шөнө аав минь ёолсон чимээгээр гэрийнхэн бүгд сэрлээ. 53 жил амьдарсан аав минь амьдралдаа эхнэр, хүүхдийнхээ дэргэд нэг удаа ч ёооё гэдэг үг хэлж байгаагүй ч тэр шөнөжин өвчиндөө шаналж хонож байгаа нь тэр. Нуруу өвдөөд байна гэж хэлэхээр нь өвчин намдаах эм дөхүүлж өгөөд бүгдээрээ ор орондоо ороод унтацгаав. Маргааш, нөгөөдөр гээд хэдэн өдөр дараалж шөнөдөө нурууны гол яс нь өвдөөд байна гэж хэлэхэд нь нөгөө эмээ дөхүүлж өгсөөр байдал бишдэснийг мэдрээд эмнэлэгт хандахаар болцгоов. Өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг гээд өдөржин яваад эцэстээ 3-р эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нөгөө нурууны өвчин ходоодноос болж байгаа тухай анхны мэдээгээ эмчээс хүлээж авсан юм. Ходоод яагаад нуруу өвтгөдөг билээ гээд бид тэр үедээ итгээгүй ч ходоодны дуран шинжилгээ хийсний дараагаар “Ходоодны хорт хавдар” юм шиг байна Хавдар судлалын үндэсний төв рүү өвчтөнийг яаралтай шилжүүлж, нарийн шинжилгээнүүд хийх шаардлагатай гэдэг эмчийн дүгнэлт гараад, түргэний машинаар хүргэгдлээ.

Өвөл түгжрээнд 10-р хорооллоос 13-р хороолол хүртэлх тэр замын холыг, эмчийн хэлсэн үгэнд ч итгэж чадахгүй байсан үеэ бодохоор амьдралын минь хамгийн удаан өнгөрсөн хугацаа юм шиг санагддаг. 

Орой болсон учраас нарийн шинжилгээнүүдээ маргааш өглөө хийхээр болоод яаралтай тусламжийн тасагт аавыгаа сахиж хоносон юм. Өөрөө өвдөж байж тэр нарийнхан эмнэлгийн орон дээр намайг хамт унт гэж хэлсэн аавынхаа эцсийн мөч хүртлээ энэ амьдралын төлөө зүтгэсээр эцэж ядарч, өвчиндөө шаналсан царай, бууралтсан үсийг шөнөжин ширтэж, аавтайгаа өнгөрүүлсэн аз жаргалтай мөч бүрээ эргэцүүлж, нэг хором ч дуг хийлгүй хоносон шөнө байсан.

Маргааш нь нарийн шинжилгээгээр Ходоодны хорт хавдар тэр дундаа сүүлийн шатандаа ороод бусад эд эрхтэн рүү үсэрхийлсэн тухай мэдээг эмчээсээ сонссон. Солонгос кинон дээр гардаг шиг амьдрал бидэнд нэгхэн шөнийн дотор иржээ. Нэгэнт найдваргүй, эмчилгээ хийлгээд ч нэмэргүй болсныг сонсоод эмнэлгээс гараад гэртээ аавыгаа аваачих шийдвэрийг гаргасан юм.

Тэр өдрөөс хойш 2 сарын хугацаа бидний хувьд гэр бүлээрээ хамтдаа туулсан хамгийн хэцүү өдрүүд өнгөрсөн. Аавыгаа араг яс шиг болтлоо турж эцэхийг, хоолоор биш дуслаар хооллож байгааг, өвчиндөө шаналахад нь хамгийн хүчтэй өвчин намдаах тариаг хийж байхдаа нэмж тариа хийх газаргүй болсон юм шиг, шөнө орондоо ороод чимээгүйхэн уйлцгаах гэрийнхнийхээ чимээг сонсохдоо Хорт хавдар өвчин хэчнээн олон айлыг амьдын тамд унагааж байгаа болоо гэж бодохоос зүрх өвдмөөр өдрүүд өнгөрсөн.

Аав минь одоо бурхан болсон. Тэндээ очоод ядаж өвдөхгүй байгаа байхдаа гэж бодогддог сэтгэл тэр их сэтгэлийн ачааг жоохон ч гэсэн хөнгөлөх шиг санагддаг. 2 баганаас тогтдог гэр бүлийн амьдрал 1 багана дээр тогтож эхлэхэд ганхаж, найгах зүйл бишгүй л тохиолдсон. Тийм л болохоор эрсдэл, гэнэтийн үйл явдлаар дүүрэн энэ АМЬДРАЛд хүн бүхэн одоо оршиж буй цаг хугацаагаа хайрлаж, өөрийн хайртай хүн бүхнийхээ төлөө өөрийгөө хайрлаж хамгаалж явах ухаарлаар дүүрэн амьдраасай гэж хүсэж байна



2023/02/03